Thursday, April 12, 2018

Эмийн сан хүнээр тоглодог газар биш

Эм бол онцгой бараа. Гэвч үүнийг иргэдийн гарт олгохдоо эмч, жор баригчид онцгой анхаарч байна уу гэдэг эргэлзээтэй. Манай улсад 1400 орчим эмийн сан ажиллаж байгаагийн 900 гаруй нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй. Хүнсний мухлаг мэт олширсон эдгээр эмийн санд ажиллаж байгаа эм зүйч, эм найруулагч нар хэр “найдвартай” вэ. Ингэж асуусны учир нь өнгөрсөн онд НМХГ-аас эмийн сангуудыг шалгахад 24 хувь нь мэргэжлийн бус хүн ажиллуулж, 78 хувь нь жороор олгох эмийг жоргүй худалдаж байжээ.
Өвчний шинж тэмдгээ хэлээд л эмийн санчийн өгсөн эмийг худалдан авах явдал хэвийн үзэгдэл болсон. Тэд ч эмчийн жор нэхдэггүй, ашгаа бодоод л шууд өгчихдөг. Үүнээс болж антибиотикийн замбараагүй хэрэглээ газар авсан. Хэн дуртай нь хүссэн антибиотикоо захын эмийн сангаас авдаг гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл, эрүүл мэндийн анхан шатны мэдлэггүй, сургуулийг нь төгсөөгүй, аль эмийг яаж хэрэглэхийг зөвлөж мэдэхгүй эм зүйч цөөнгүй ажиллаж байна.
Бүх эмийн сан хувьд шилжсэн учраас өөрийн “эзэмшил”-дээ ямар хүн ажиллуулах нь удирдлагуудынх нь таалал болсонтой ч холбоотой. Ах дүү, танил талын, мэргэжлийн бус хүнээ ажилд авдаг жишиг манай улсад түгээмэл. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой чухал ажил эрхэлж буй эм зүйч, эм найруулагчдын цөөнгүй нь мэргэжлийн бус байна.

Нэгэн танил минь ууж дууссан “Регүлон” эмийнхээ хайрцгийг бариад эмийн сангаас дахин авах гээд очтол эмзүйч нь “Наадах чинь юуны эм билээ, мэдэхгүй байна” гээд хээв нэг зогсож байж. Хэн ч харсан мэдэхээр 21 хоногийн тэмдэглэгээ бүхий жирэмснээс хамгаалах эмийг мэдэхгүй эмийн санч байна гэхээр бидэнд хоол өгөөд байна уу, хор уулгаад сууна уу гэдгийг бодохоор айдас хүрэм. Бид өөрсдийн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, өргөн хэрэглээний эмийн талаар мэдлэгтэй болохгүй бол эмийн санчдад итгэх итгэл тун бага байна.
Эмзүйчдийн 19 хувь нь эмийг олгохдоо хэрэглэх арга, заавар, хадгалах нөхцөл, гаж нөлөөнөөс сэргийлэх талаар зөвлөгөө өгдөггүй нь НМХГ-аас хийсэн шалгалтаар тогтоогдсон юм. “Энэ эмийг яаж уух вэ” гэж асуухад л хариулж мэддэггүй эмийн санчтай Та бишгүй л таарч байсан болов уу. Эрүүл мэндийн боловсрол дөнгүүр нэгэн бол эмийн санч мэргэжлийн, эсэхийг хэдхэн асуулт тавиад л мэдчих жишээтэй

No comments:

Post a Comment